Just another WordPress site

ЧУЛУУНХОРООТ СУМЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

 111

Газар зүйн болон нийгэм эдийн засаг, дэд бүтцийн үзүүлэлт:

Чулуунхороот сум нь Манж дайчин улсын зах таван харуулыг Монголчууд сахин байхын цагт Монгол, Орос, Манж гүрний чөлөөт худалдааны боомт маягаар үндэс суурь тавигдсан түүхтэй.
Богд хаант Монгол улсын үед Баргын Манлайбаатар вангийн отог хошуунд Богд эзэн хаанаас зарлигаар эзэмшүүлж 1925 онд хувьсгалт Монгол улсын Амгалан хан уулын хошуу нутаг, хожим нь зүүн дөрвөн аймгийн мал тууварлан тушаах боомт газар, Монгол улсын зүүн хойд хилийн албан ёсны хаалга дамжлага бааз байж байгаад Дорнод аймгийн Чулуунхороот сумын “Эрээнцав” сангийн аж ахуйн эзэмшил газар болсон.
Чулуунхороот сум нь анх Дашбалбар сумын нутаг Чулуунхороот гэдэг газар БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор мал үржүүлэх ажил эрхэлсэн Чулуунхороот сангийн аж ахуй гэдэг нэртэйгээр 1956 онд байгуулагдаж атар газар эзэмшин үр тарианы чиглэлээр ажиллаж 1962 онд одоогийн Эрээнцав гэдэг газарт шилжин ирсэн.
Дорнод аймгийн Чулуунхороот сум нь аймгийн төвөөс 257 км алслагдсан Монгол улсын зүүн хойд хэсэгт оршидог тал хээрийн бүс нутаг юм. Баруунаас зүүн тийш сунан тогтсон 653 мянган га нутаг дэвсгэртэй эрс тэс уур амьсгалтай бөгөөд далайн түвшнээс дээш 552 м өргөгдсөн Монгол орны хамгийн нам дор цэгт байршиж байдаг.
Өвөлдөө цас их унаж газрын хөрс гүн хөлддөг бөгөөд өвлийн улиралын дундаж -36 градус, зуны улиралын дундаж +33 градус, хавар, намрын улиралд тогтворгүй чиглэлийн салхитай, салхины хурд 24 м/с хүртэл ширүүсдэг.
Баруун талаараа Дашбалбар сум, хойд талаараа ОХУ, зүүн талаараа БНХАУ, урд талаараа Чойбалсан сумдтай хиллэдэг гурван улсын хил 0 цэг дээр оршдог

Сумын нутаг дэвсгэрт Засаг захиргааны 3 баг байдгаас зүүн талд Цагаанчулуут, баруун талд Галуут, сумын төвд Дэлгэр баг оршидог. Мөн хил хамгаалах зориулалт бүхий Хилийн цэргийн 0275 дугаар ангийн 2 застав, 0132 дугаар ангийн 3 застав, Гаалийн салбар, Улаанбаатар төмөр замын Баянтүмэн тасгийн Эрээнцав өртөө, Банк санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг 2 байгууллагын салбар, шатахуун түгээх үйл ажиллагаа эрхэлдэг НИК-ийн салбар, төсвийн 5 байгууллага, мал эмнэлэгийн үйлчилгээ үзүүлдэг 1 байгууллага үйл ажиллагаагаа тогтмол явуулдаг.

Тус суманд Хэнтий уулнаас эх авсан Улз гол / 482 /, 15 нуур цөөрөм, 5 булаг шанд байдаг ба Цагаанчулуут баг сумын зүүн хэсгийг эзлэн баруунаас зүүн тийш сунан тогтсон 257 мянган га газар нутагтай, 161 өрхийн 536 хүн амтай, газар нутгийн онцлогийг дурьдвалолон улсын А зэрэглэлийн хилийн боомттой, зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг. Баянтүмэн тасгийн Эрээнцав өртөөтэй, Монгол Цагаан болон Зээргэнэтийн талд их хэмжээгээр ургадаг ховордсон нарийн хялгана, зээргэнэ зэрэг өвс ургамалтай, тунгалаг устай булгаар тэжээгддэг 2 нуур, байнгын ундрагатай 3 булаг, зэрэг цэвэр усны эх үүсвэртэй, гурван улсын хилийн уулзвар нутаг бөгөөд хил хамгаалах чиг үүрэг бүхий 4 застав тус багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж байна. Галуут баг сумын баруун хэсгийг эзлэн зүүнээс баруун тийш сунан тогтсон 300 орчим мянган га газар нутагтай, нутаг дэвсгэрийн 26 хувь Монгол Дагуурын Дархан Цаазат Газарт хамаарагддаг тусгай хамгаалалтын бүс нутаг бөгөөд улаан номонд орсон Цэдэнгийн иш, Эмийн бамбай, Монгол догор, Шаравтар лидэр зэрэг ховор ургамалтай. Мөн дэлхийд нэн ховор ховордсон шувууд ирж Тарь, Бүс, Галуут, Шинэ булаг хэмээх нуур, цөөрөмд зусдаг мөн эртний булш, хирэгсүүрүүд олон байдаг онцлогой газар нутагтай. Энэ багт Хил хамгаалах чиг үүрэг бүхий хилийн 0275 дугаар ангийн 1 застав үйл ажиллагаагаа явуулдаг. Нийт 119 өрхийн 359 хүн амтай. Дэлгэр баг нь сумын төвийн баг бөгөөд 17.2 мянган га газар нутагтай, 245 өрхийн 709 хүн амтай, нийт өрхийн 5.2 хувь нь малчин өрх байна.