Just another WordPress site

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн

Хурлын 2013 оны 02 дугаар хуралдааны

 07 тогтоолоор батлав

ДОРНОД АЙМГИЙН ЧУЛУУНХОРООТ СУМЫН

ЗАСАГ ДАРГЫН 2012-2016 ОНД СУМЫН ХӨГЖЛИЙГ ХАНГАХ

ЧИГЛЭЛЭЭР ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ

 ХӨТӨЛБӨР

                      Нэг. Нийтлэг үндэслэл:

 Өнгөрсөн хугацаанд иргэдийн амьжиргаанд мэдэгдэхүйц эерэг ахиц дэвшил  гарч, өөрт байгаа боломжиндоо тулгуурлан амьжиргаагаа дээшлүүлэх гэсэн хүсэл эрмэлзэлтэй болж хүмүүсийн сэтгэлгээ өөрчлөгдөж байгаач суманд ажилгүйдлийн түвшин 37.1 хувьтай буюу нийт хөдөлмөрийн насны хүмүүсийн 54.4  хувь нь ажил хөдөлмөр эрхлээгүй, ядуурлын түвшин 41.4 хувьтай буюу нийт өрхийн 44.0 хувь нь ядуу гэсэн хэсэгт хамаарч байгааг тодорхой хувиар бууруулах,  амьжиргааны гол эх үүсвэр болсон мал аж ахуйг  эрсдэлт хүчин зүйлсээс /ган, зуд, түймэр г.м/  хамгаалах үйл ажиллагааг төр засгийн бодлого шийдвэртэй уялдуулан хэрэгжүүлэх, газар тариалан хөгжүүлэх замаар ажлын байр нэмэгдүүлэх, сумын дэд бүтцийн орчин нөхцлийг сайжруулах цогц бодлогыг хэрэгжүүлэн  иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэх зэрэг  үйл ажиллагааг “Шинэчлэл”-ийн Засгийн газрын зорилтуудтай  уялдуулан “Шинийг санаачлан, үр өгөөжтэй бүхнийг дэмжин, хөгжил дэвшилд хүрэх”-ийг  зорьж, хөрөнгө оруулалтын нөхцөл сайжирч, мөнгөн хөрөнгийг нэмэгдүүлэх боломж,  нөхцөл бүрдэж байгаа энэ цаг үед   сумын Засаг дарга, түүний ажлын албаны зүгээс  2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг тодорхойлж байна.

Сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэн ажиллах үйл ажиллагааны хөтөлбөр  нь “Иргэн бүр орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтийн төлөө өөрийн амьдрал ахуйгаа дээшлүүлэн, нийгмийн амьдралд  бүтээлчээр оролцох нөхцлийг бүрдүүлэх замаар иргэн төвтэйгээр “Эрээнцав” сумаа  хөгжүүлэх”-д хөтөлбөрийн эрхэм   зорилго оршино.

             Хоёр. Зорилго,  үйл ажиллагааны чиглэл

2.1. Иргэдийн идэвхи оролцоог нэмэгдүүлэх бодлого

Энэхүү бодлогыг хэрэгжүүлэхийн тулд Засаг дарга түүний ажлын албаны зүгээс “Хэрэгжүүлж байгаа аливаа үйл ажиллагаа нь иргэдийн санал санаачлагаас урган гарах нөхцлийг бүрдүүлэх үүднээс үр дүнтэй санал санаачлагыг урамшуулах тогтолцоог бий болгох” зорилтыг дэвшүүлэн дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

Иргэд олон нийтийн санал санаачлагад тулгуурлан хөрөнгө оруулалтыг хэрэгцээт зүйлд оновчтой хуваарилах  үүднээс  нийтийн дунд санал асуулга явуулах үйл ажиллагааг үр дүнтэй бүхий л арга хэлбэрүүдийг ашиглан зохион байгуулах /орчин үеийн техник, хэрэгсэл ашиглах, явуулын санал асуулга г.м/.

Хөдөөгийн багийн малчин өрхүүдтэй харилцах, мэдээлэл солилцох үйл ажиллагааг төгөлдөржүүлж,  өрх бүрт хавтас нээж тухайн өрхтэй  холбоотой бүх мэдээлэл /өргөдөл гомдол, санал санаачлага, тухайн өрхөд үзүүлсэн дэмжлэг, үйлчилгээ г.м/-ийг цуглуулан эргэх холбоог сайжруулна.

Сум орон нутагт тулгамдаж буй асуудлаар иргэдийн дунд “Нээлттэй хэлэлцүүлэг”-ийг  жилд 2-оос доошгүй удаа  зохион байгуулж , хэлэлцүүлгээс гарсан санал санаачлагыг төсөл болгон үр дүнтэй хэрэгжүүлнэ.

Багуудын Иргэд Нийтийн Хурал, бусад уулзалт цуглаанд оролцож байгаа байдлаар  нь өрхийн  оролцоог үнэлж дүгнэдэг журам боловсруулан хэрэгжүүлж, өрх бүрийн хариуцлагыг өндөржүүлнэ.

Мэдээлэл түгээх, мэдээлэл олж авах нөхцлийг бүрдүүлэн интернэтийн сүлжээг оруулан, мэдээллийн төв байгуулж “Эрээнцав” цахим хуудас нээн орон нутгаа хөгжүүлэх сэтгэлтэй залуучуудыг санал бодлоо илэрхийлэх нөхцлийг бүрдүүлнэ.

Иргэдээс гаргасан санал санаачлагыг эрэмбэлдэг тогтолцоог бий болгон сумын хөгжилд үр дүн авчирхуйц санал санаачлагыг хэрэгжилтийн  үр дүнгээр урамшуулан ажиллана.

2.2. Сумын дэд бүтцийг хөгжүүлэх бодлого

“Сумын 60 жилийн  түүхт ой тэмдэглэхтэй холбогдуулан бүтээн байгуулалтын ажлын тусгай төлөвлөгөө боловсруулан дэд бүтцийг иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд чиглүүлэн хөгжүүлэх” зорилтийг дэвшүүлэн дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Жишиг сум” хөтөлбөрт хамрагдан иргэдийн ахуй амьдралын дэд бүтцийн орчинг сайжруулан орчин үеийн хорооллуудыг бий болгоно.

Сумын төв талбайн зургийг хийлгэн, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын оролцоо, хөрөнгө оруулагчдын дэмжлэгтэйгээр тохижуулах ажлыг үе шаттайгаар хийж гүйцэтгэнэ.

“Хашаажуулсан суулгац” төсөл хэрэгжүүлэн сумын төвд ногоон байгууламж бий болгоно.

Үндэсний их баяр наадам тэмдэглэн өнгөрүүлдэг талбайг шинэ газарт  шинээр барьж байгуулна.

Ажиллаж, амьдарч буй орчныхоо гадаад өнгө үзэмжийг сайжруулж байгаа иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг урамшуулах /тодорхой хөнгөлөлт эдлүүлэх, зээлд хамруулах г.м/ замаар бүтээн байгуулалт хийх сэдэл төрүүлж ажиллана.

Цахилгаан дамжуулах агаарын шугам сүлжээг шинэчлэн засварлуулж айл өрхөд хүрч буй цахилгааны алäагдлыг тодорхой хувиар бууруулах, дотоодын эрчим хүчний эх үүсвэрт холбуулна.

Мянганы замын босоо тэнхлэгийн замын нэг болох Чойбалсан-Чулуунхороотыг холбосон хатуу хучилттай зам барих асуудлыг бүхий л талаас нь дэмжин холбогдох дээд шатны байгууллагын бодлого шийдвэрт тусгуулна.

Сумын төвийн дэд бүтцийн ирээдүйн дүр төрхийг харуулсан макет хийлгэж, цаашид дэд бүтцийг шийдвэрлэх газар олголттой холбоотой  асуудлыг зураг төслийн дагуу жил бүрийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлнэ.

Хүүхдийн цэцэрлэг, Засаг даргын Тамгын газрын  барилгын  их засварын хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлэн их засварт оруулна.

2.3. Соёл, урлаг, спортыг дэмжсэн бодлого

“Урлаг, спорт, гоо зүйн боловсролыг бага наснаас нь төлөвшүүлэхэд чиглэсэн сургалтын арга барилыг нэвтрүүлэн спортлог иргэдийг төлөвшүүлэн, бүс нутгийн хэмжээнд амжилт гаргах”-ыг зорилт болгон дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

Сумын төвд спортын иж бүрэн талбай барьж байгуулж, залуучууд, хүүхдүүд чөлөөт цагаа  зөв боловсон өнгөрүүлэх нөхцлийг бүрдүүлнэ.

Улс, аймгийн хэмжээнд зохион байгуулагдсан уралдаан тэмцээнд амжилттай оролцож байсан ахмад, дунд үеийн иргэдийн талаар мэдээллийг цуглуулан баримтжуулж залуу хойч үедээ сурталчилах, болзол хангасан хэдий ч спортын зэрэг аваагүй иргэддээ зэрэг олгох асуудлыг холбогдох байгууллагад уламжлан шийдвэрлүүлнэ.

Спортын олон төрөлт уралдаан тэмцээнийг жил бүр  зохион байгуулж, тухайн оны  спортын шилдгүүдийг тодруулах үйл ажиллагааг тогтмолжуулна.

Үндэсний спортыг хөгжүүлэх бодлогыг үргэлжлүүлэн хэрэглэгдэхүүний тоог нэмэгдүүлж,  үндэсний спортоор хичээллэгсдийг  нэмэгдүүлнэ.

Соёл урлагын үйл ажиллагааны төрөл хэлбэрийг нэмэгдүүлж, олон нийтийг урлагын үйл ажиллагаанд татан оролцуулахад анхаарч, сайн дурын үндсэн дээр урлагын үйлчилгээ хүргэж буй иргэдийг урамшуулан ажиллана.

Сум орон нутгийн түүхийн танхим бий болгох зорилгоор   ажлын хэсэг томилон иргэдийн гар дээр байгаа болон бусад түүхийн ач холбогдолтой эх сурвалжуудыг нээн илрүүлэх, судалгаа, мэдээлэл цуглуулах ажлыг зохион байгуулна.

Соёлын байгууллагын материаллаг бааз суурийг нэмэгдүүлэхэд байнга анхаарч ажиллана.

2.4. Иргэдийн амьдрах, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх бодлого

            “Иргэдэд ухуулга, сурталчилгааг тогтмол зохион байгуулж, цэвэр орчинд эрүүл амьдрах зан үйлийг төлөвшүүлэх, иргэн бүр цэвэр орчин бий болгоход оролцож, бие биедээ шаардлага тавьж хянадаг тогтолцоог бий болгох” зорилт тавьж дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

Хог хаягдлын асуудлаар тусгай төсөл боловсруулан хэрэгжүүлж, хогийн цэгийн байгууламжийг шинээр барьж, сумын төвд байгаа байшингийн балгас, суурийг цэвэрлэж, газрыг байгалийн унаган төрхөнд нь оруулж, дахин ашиглах нөхцлийг бүрдүүлнэ.

Сумын төвийн айл өрхүүдийг хог хаягдалаа түр хуримтлуулах “Хогийн сав” төслийг гарын ур дүйтэй иргэнтэй хамтран хэрэгжүүлж нэг загвар хийцийн саваар өрх бүрийг ханган хог хаягдлыг тээвэрлэх явуулын үйлчилгээг төгөлдөржүүлнэ.

Сумын төвийн хорооллууд, төв зам дагуу гэрэлтүүлэг, замын тэмдэг тэмдэглэгээг хийх ажлыг  цогцоор нь шийдвэрлэнэ.

Худалдаа үйлчилгээний байгууллагуудад тавигдах стандартыг мөрдүүлж, үйлчилгээний орчин нөхцлийг сайжруулах, архи согтууруулах ундаа, тамхи  худалдаалах, түүгээр үйлчилэх тусгай эрхтэй  аж ахуйн нэгжүүдтэй нийгмийн хариуцлагын гэрээ хийж хэрэгжилтийг хангуулна.

Сумын төвийн ундны усны худагт тогтоосон хамгаалалтын бүсийг хашаажуулж орчны тохижилт хийнэ.

Цагдаагийн кабон бариулах асуудлыг холбогдох газруудад тавьж шийдвэрлүүлэн цагдаагийн албан хаагчийн ажиллах нөхцлийг сайжруулна.

2.5. Ажлын байр нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах бодлого

“Засгийн газрын хөтөлбөрт тусгагдсан “Ажилтай орлоготой монгол хүн” зорилтыг хангахад үйл ажиллагаагаа чиглүүлэн 60-80 хүнийг ажлын байраар хангаж, ядуурлын түвшинг 20 хувиар бууруулах” зорилт тавьж дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

Малжуулах төслийн хэрэгжилтийг төгөлдөржүүлж, төсөлд хамрагдсан өрхийн амьжиргаанд томоохон дэмжлэг болохуйцаар шийдвэрлэн бодит ажлын байр бий болгож  уг төслийн хүрээнд 20 өрхийг ядуурлаас гарган амьжиргааны эх үүсвэртэй болгоно.

Суманд Уул уурхай , газар тариалан эрхлэх чиглэлээр хөрөнгө оруулалт хийж үйл ажиллаагаа эхлүүлээд байгаа аж ахуйн нэгжүүдтэй нийгмийн хариуцлагын гэрээ хийж сумын иргэдээс тодорхой чиглэлээр мэргэшүүлэн ажлын байраар хангах үүргийг тодорхой болгоно.

Нөхөрлөл,хоршоо байгуулах ач холбогдол, үйл ажиллагаагаа хоршсноор төр засгаас хүртэх боломжтой дэмжлэг зэргийг багтаасан “Хоршоо байгуулагдаж эхлýхээс үйл ажиллагаа нь жигдэрч ашигтай ажиллах” хүртэлх мөчлөг бүрт тохирсон   цогц сургалтуудыг  мэргэжлийн хүмүүст хандан зохион байгуулж, энэ чиглэлээр идэвх санаачлага гаргаж буй иргэдийг бүх талаар дэмжин ажиллана.

Ахуй үйлчилгээний төвийг бий болгох замаар иргэдэд үйлчилдэг ажлын байруудыг бий болгоно.

Ажлын байр нэмэгдүүлэн ажиллаж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг иргэдэд сурталчилах, төрөөс үзүүлж буй дэмжлэгт хамруулах ажлыг зохион байгуулна.

Амьжиргааны баталгаажих түвшин доогуур 10 өрхийг сонгон авч тухайн өрхүүдэд тодорхой төсөлүүдийг хэрэгжүүлэн амьжиргааны түвшинг дээшлүүлнэ.

Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийн танилцуулга, мэдээллийн сан бий болгож, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахад зуучилна.

2.6. Нийгмийн хамгааллын чиглэлээр хэрэгжүүлэх бодлого

 “Нийгмийн хамгаалал зайлшгүй шаардлагатай зорилтод бүлгүүдийн судалгаа, шинжилгээг  төгөлдөржүүлж, олон нийтийн үүсгэл санаачлагаар байгуулагдсан төрийн бус байгууллагуудын оролцоотой нийгмийн хамгааллын бодлого боловсруулах” зорилт тавьж дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

Ахмад настнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнрөгүүлэх, ахмадын байгууллагын ажиллах нөхцөл бололцоог хангах үүднээс ахмадын байр барьж, техник хэрэгслээр хангана.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүдийн холбооны үйл ажиллагааг дэмжин тэдний өөрсдийнх нь оролцоотойгоор үйлчилгээний төрөл хэлбэрийг сонгон үйлчилгээ үзүүлнэ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг эрүүл мэнд, боловсролын байгууллагуудтай хамтран жилдээ 1 удаа нөхөн сэргээх эмчилгээнд хамруулах явцад нь боловсрол олгож нийгэмшүүлэх үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулна.

Малчин өрхийг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчээр бүртгэх ажлыг зохион байгуулж, сургалт сурталчилгааг эрчимжүүлэн Нийгмийн даатгалын үйлчилгээнд хамруулна.

Архидан согтуурхаас урьдчилан сэргийлэх сургалтуудыг тогтмол зохион байгуулж, архинаас татгалзах хүсэл эрмэлзэлтэй иргэдэд эмнэлзүйн талаас нь дэмжлэг үзүүлэх, архинаас татгалзсан иргэдийг ажлын байраар ханган ажиллана.

Залуучуудын холбооны үйл ажиллагааг дэмжин Залуучуудын дунд “Шинийг санаачлагчдын клуб” ажиллуулан үр дүнтэй санал санаачлагыг ажил үйлчилгээ болгох асуудлыг хамтран зохион байгуулна.

Сумын хүүхэд хамгааллын суурь судалгаанд үндэслэн эрсдэлт бүлэгт чиглэсэн  үйл ажиллагааг тогтмол зохион байгуулна.

2.7. Эрүүл мэндийн үйлчилгээг төгөлдөржүүлэх бодлого

“Эмнэлэгийн зориулалттай техник, хэрэгслийг нэмэгдүүлэн, эмнэлэгийн орчин нөхцлийг сайжруулж, халдварт болон халдварт бус өвчний эрт үеийн оношлогоо, эмчилгээний чанарыг сайжруулах” зорилт тавин дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

Эрүүл мэндийн төвийн дотоод засварын ажлын төсөв, хөрөнгийг шийдвэрлүүлэн засварыг хйилгэж эрүүл мэндийн үйлчилгээ авч буй иргэдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлнэ.

Галуут багийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр ханган, багийн байрыг  иж бүрэн засварлаж, эрүүл мэндийн үйлчилгээг алслагдсан хүн амд түргэн шуурхай хүргэх нөхцлийг бүрдүүлнэ.

Лаборатарийн орчинд анхан шатанд онош тавихад шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж,   халдварт өвчний оношийг шуурхай тогтоох нөхцлийг бүрдүүлнэ.

Эмнэлэгийн эмч мэргэжилтэн нарын мэргэжил, мэдлэг чадвараа  дээшлүүлэхээр гаргаж байгаа санал санаачлагыг бүхий л талаас нь дэмжин, эрүүл мэндийн үйлчилгээг чадварлаг багаар түргэн шуурхай хүргэнэ.

Хүн малын гоц халдварт өвчний үед хэрэглэх эд материал, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэхэд анхаарч гамшигт нөхцөл байдал үүссэн үед шуурхай ажиллах эмнэлэгийн бэлэн байдлыг хангуулна.

2.8. Боловсролын үйлчилгээг хүргэх бодлого

            “Багшийн багшлах арга зүйгээр дамжуулан сум орон нутгийнхаа төлөө гэсэн зөв зан үйл, сэтгэлгээтэй иргэнийг бага наснаас нь  төлөвшүүлэх” зорилт тавин дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

Ерөнхий боловсролын сургуулийн орчинд “Багшийн хөгжил” төв байгуулан орчин үеийн техник хэрэгсэл ашиглах, мэдээллийн орчинд ажиллах, мэдээлэл олж авах замаар өөрийгөө хөгжүүлэх нөхцлийг бүрдүүлнэ.

Хүүхдийн хичээлийн байрны гадаад дотоод орчин  нөхцлийг сайжруулах төлөвлөгөөг хүүхдүүдийн өөрсдийнх нь оролцоотойгоор төлөвлөн үе шаттайгаар хэрэгжүүлэн хүүхэд зөв орчинд зөв хүмүүжих нөхцлийг бүрдүүлнэ.

“Анги бүрт цахим орчин” төсөл боловсруулан хүүхдүүд ангийнхаа орчинд өөрийгөө хөгжүүлэх бололцоог ханган ажиллана.

Сургуулийн дотоод хэрэгцээнд ашиглах  автомашинтай болгох асуудлыг судлан шийдвэрлэнэ.

Сургуулийн материаллаг бааз суурь болон боловсон хүчний нөөцийг ашиглан албан бус боловсрол олгох үйл ажиллагааг халамжийн бодлоготой уялдуулан зохион байгуулна.

Орон нутгаас хэрэгжүүлж буй сургалтын төлбөрийн эргэн төлөгдөх нөхцөлтэй дэмжлэгт хөтөлбөрийг үргэлжлүүлж, амьжиргааны түвшин доогуур өрхийн хүүхдүүдийг хамруулна.

Хүүхдийн цэцэрлэгийн барилгыг их засварт оруулан бага насны хүүхэд ая тухтай орчинд хүмүүжих нөхцлийг бүрдүүлнэ.

Ус цэвэршүүлэх бичил төхөөрөмжөөр төсвийн байгууллагуудыг ханган, хүүхдийн цэцэрлэгийн гал тогоог иж бүрэн хэрэглэгдэхүүнээр хангана.

Хүүхдийн цэцэрлэгт материаллаг баазыг нэмэгдүүлэх чиглэлийн цогц арга хэмжээ авч /ор, хүүхдийн хувцасны шүүгээ, тоглоом г.м/ хэрэгжүүлнэ.

Хувилбарт сургалтуудыг зохион байгуулах замаар сургуулийн өмнөх боловсролын хамрагдалтыг 90-ээс дээш хувьд хүргэнэ.

2.9. Хөдөө аж ахуйн чиглэлээр авч хэрэгжүүлэх бодлого

“Хөдөө аж ахуйг хөгжүүлэх талаар  төрөөс баримталж буй бодлого шийдвэрүүдийн давуу талуудыг малчин өрх, хоршоологчдод сурталчилан ойлгуулах замаар төрийн дэмжлэгтэйгээр ашигтай үйл ажиллагаа эрхлэх боломж нөхцлүүдийг иргэдэд олгох” зорилт тавин дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

Малчин өрх өөрсдийн эрхэлж буй аж ахуйдаа хэрэглэх бага оврын бүтээмж өндөртэй трактор, тоног төхөөрөмж худалдан авахад нь зуучлах замаар  хөнгөлөлттэй нөхцөлтэй техник тоног төхөөрөмжөөр 20-оос доошгүй иргэнийг ханган ажиллана.

“Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэнд ахиц гарган мал эмнэлэг үржлийн албыг бэхжүүлэх, төрийн дэмжлэгт хөтөлбөрт малчин өрхийг 100 хувь хамруулан ажиллана.

Иргэдэд хүнсний ногоо тариалах чиглэлээр  дэмжлэг болгон олгож буй зээлийн хэмжээг нэмэгдүүлэн  зээлд хамрагдагсдын тоог өсгөн  зээлийн эргэн, төлөгдөх, дахин хуваарилагдах үйл ажиллагааг сайжруулна.

Хүлэмжийн тариалалтыг дэмжих зорилгоор  хүлэмжийг иргэдэд зуучлах замаар хөнгөлөлттэй нөхцлөөр худалдан авахад нь дэмжлэг үзүүлнэ.

Жижиг дунд үйлдвэрлэлийн чиглэлээр олгох зээлийн сангаас  мал аж ахуй, гахай шувууны аж ахуй эрхлэхээр хүсэлт гаргасан иргэдэд олгох замаар туслах аж ахуй эрхлэн амьжиргаандаа нэмэрлэдэг өрхийн тоог нэмэгдүүлнэ.

Бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоор ашиглахгүй байгаа алслагдсан бэлчээрүүдэд гүн өрмийн худаг гаргуулан отор нүүдэл хийн бэлчээр сэлгэн ашиглах боломжийг бүрдүүлнэ.

Орчин үеийн шаардлагад нийцсэн мал нядалгааны цэг байгуулж,  энэ төрлийн үйлчилгээг эрүүл ахуйн шаардлагад нийцүүлж, ажлын байр бий болгоно.

Малын үүлдэр угсааг сайжруулах ажлыг эрчимтэй зохион байгуулж, сумын нийт мал сүргийн бүтэц үүлдэр угсааны талаарх нэгдсэн судалгаатай болж малын бүтцэд ашиг шим сайтай үүлдэр угсааг түлхүү бий болгоход анхаарч ажиллана.

2.10. Байгаль орчныг хамгаалах, газрын харилцаатай холбоотой бодлого

“Уул уурхай болон бусад сөрөг  хүчин зүйлийн  эрсдэлд өртөж болзошгүй газар нутгуудыг орон нутгийн тусгай хамгаалалтанд авах замаар байгалийн унаган төрхийг алдагдуулахгүй байх” зорилт тавин дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

 “Экосистемд түшиглэсэн дасан зохицох арга хэмжээг уур амьсгалын өөрчлөлтөд өндөр эрсдэлтэй голуудын сав газарт хэрэгжүүлэх нь” төсөлтэй хамтран байгаль орчны үнэлгээ, судалгааг хийж цаашид бүс нутгийн хүн амд эерэг нөлөөлөл бүхий байгаль орчин хамгаалах бодлогыг боловсруулна.

Сумын газар зохион байгуулалтын төлөвлөлтийг дэд бүтцийн бодлоготой уялдуулан боловсруулж дэд бүтцээ дагаж газар олгодог зарчмыг бий болгоно.

Бүсийн булгыг хамгаалалтанд авч орчин тойрныг тохижуулан амралт, сувилалын газар байгуулах нөхцлийг бүрдүүлж ажиллана.

Ашигт малтмалын үйл ажиллагаа явуулж байгаа БНМ ХХК-ны үйл ажиллагаанд тавих хяналтыг тогтмолжуулж байгаль орчны нөхөн сэргээлтийг   стандартын дагуу хугацаанд нь хийлгэн, байгаль орчинд сөрөг нөлөөлөл бүхий  үйл ажиллагаа явагдахаас урьдчилан сэргийлж, нийгмийн хариуцлага хүлээх талаар харилцан хамтран ажиллана.

Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар ердèéн ашигт малтмал олборлох газруудыг нарийвчлан тогтоож, иргэд хүссэн газараа ухаж элс хайрга авч ашигладаг байдлыг таслан зогсооно.

Суманд ажиллах байгаль хамгаалагчдыг орон тоогоор нь бүрэн ажиллуулахад анхаарч, байгаль орчин хамгаалах үйл ажиллагааны чанарт ахиц гаргана.

Бүс нутагт амьдарч буй малчин өрхийн тусламжтайгаар ховордож буй ан амьтныг хамгаалах, баг тус бүрт ажиллаж байгаа идэвхтэн байгаль хамгаалагчдын идэвхтэй үйл ажиллагааг урамшуулдаг тогтолцоог бий болгоно.

2.11. Гамшгаас хамгаалах үйл ажиллагааны бодлого

“Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд иргэдийг сургах, гамшгийн үед ашиглах багаж зэвсэглэмжийг нэмэгдүүлэх замаар учирсан гамшгийг хохирол багатай даван туулах чадамжийг нэмэгдүүлэх” зорилт тавин дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

Малчин өрхийн өвөлжөө, хаваржааны хашаа, сууцыг түймрийн аюулаас хамгаалах зорилгоор “Хамгаалалт” нэгдсэн арга хэмжээг малчин өрхийн санхүүгийн оролцоотой зохион байгуулна.

Жил бүр сумын  төсөвт гамшгаас хамгаалах багаж зэвсэглэмж худалдан авах хөрөнгийг тусгах замаар Гамшгаас хамгаалах штаб, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүнийг шаардлагатай багаж хэрэгслээр бүрэн хангана.

Хил хамгаалах байгууллагаас хэрэгжүүлж байгаа  хилийн зурваст торон саад татах ажилд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж, малчин өрхийн мал хил давж хилийн зөрчил гаргах асуудлыг бууруулна.

Гамшиг тохиолдсон үед дайчлагдан ажиллаж буй иргэдийг хоол хүнсээр хангах зохион байгуулалтын оновчтой хэлбэрийг бий болгон дээрх иргэдийг  урамшуулах  асуудлыг тухай бүр зохион байгуулна.

Гамшгаас хамгаалах чиглэлийн сургалтуудыг мэргэжлийн байгууллага, өөрсдийн дотоод нөөцөд тулгуурлан жил бүр зохион байгуулж хэвшинэ.

Хүн малын гоц халдварт өвчний үед хэрэглэх хувцас хэрэглэлийн нөөцийг Гамшгаас хамгаалах штабын дэргэд нөөцлөх.

Нөөцийн өвсийг боож бэлтгэх техникийг худалдан авах хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлэн нөөцөд бэлтгэсэн өвсийг ашиглаагүй тохиолдолд бусад аймаг суманд худалдаж эдийн засгийн эргэлтэнд оруулах нөхцлийг хангана.

Гамшгаас хамгаалах штабын дэргэдэх мэргэжлийн ангиудыг чадваржуулах,  дадлагажуулах сургалтуудыг зохион байгуулна.

Байгалийн гамшигт үзэгдлийн урьдчилан сэргийлэх мэдээллийг шуурхай дамжуулах зарлан мэдээллийн үйл ажиллагааг оновчтой төлөвлөн иргэдийг  үүрэгжүүлэх замаар томилгоожуулна. 

2.12.Төрийн албаны талаар авч хэрэгжүүлэх бодлого

“Төрийн бүх шатны албан хаагчдын ажлын байрны тодорхойлолтонд өөрчлөлт оруулах замаар чиг үүргийг нь тодорхой болгож үүргийн биелэлтийг үндэслэн хариуцлага тооцох болон урамшуулдаг хандлагыг төлөвшүүлэх” зорилтыг тодорхойлж дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

Иргэдэд үйлчигээ хүргэж буй төрийн албан хаагчдыг иргэдээр үнэлүүлэх үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж, иргэдийн өгсөн үнэлэмжийг албан хаагчдын дунд нээлттэй хэлэлцэж үр дүн тооцож ажиллана.

Төрийн албан хаагчийн мэдлэг чадвар, боловсролыг дээшлүүлэх хөтөлбөрийн үр дүнг тооцож, өөрийн мэдлэг чадвараа дээшлүүлэхийг зорьж боловсролдоо хөрөнгө оруулалт хийсэн албан хаагчид, өөрийн харъяа байгууллагын албан хаагчдынхаа сурах үйлийг дэмжин ажиллаж байгаа удирдах албан тушаалтнуудыг  урамшуулах, цаашид гарсан үр дүнд үндэслэн  хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулна.

Төрийн албан хаагчдын үйл ажиллагаанд мэдээлэл,технологийн орчинг нэвтрүүлэн, энэ орчинд ажиллахад сургаж дадлагажуулна.

ОХУ-тай хамтран зохион байгуулдаг уламжлалт “Эв модны наадам”-ын үйл ажиллагааг жил бүрийн 5 дугаар сард тэмдэглэн өнгөрүүлж, наадмын үйл ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлнэ.

Төрийн албан хаагчдын дунд “Орос хэл сурцгаая” хөтөлбөрийг сайн дурын үндсэн дээр хэрэгжүүлж, хэлний бэрхшээлийг шийдвэрлэн цаашид ОХУ-д мэргэжилтэнг давтан мэргэшүүлэх талаар санаачлагатай ажиллана.

Сумын Засаг даргын Тамгын газрын мэдээллийн самбар ажиллуулах журмыг баталж, мөрдлөг болгон мэдээллийн самбарыг байнгын амьтай байх нөхцлийг бүрдүүлнэ.

“Иргэдтэй уулзах өдөр” арга хэмжээг сар бүр тогтмол хийж хэвших, тэмдэглэлт өдрүүдийг байгууллага бүрт хуваарилан олон нийт иргэдийг хамарсан арга хэмжээг тогтмол зохион байгуулна.

              Гурав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд баримтлах зарчим

Дээрх зорилтуудын хүрээнд төлөвлөсөн үйл ажиллагааг хэрэгжүүлэн үр дүнд хүрэх  явцад дараах 10 зарчимыг нэн тэргүүний хэмээн үзэж баримтлан ажиллана.

Үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах

Хөрөнгө оруулалтыг зөв цагт, зөв газарт байршуулах

Иргэд олон нийтийн санал санаачлагад тулгуурлах

Төрийн албан хаагчдыг чадваржуулах

Үрэх биш үр дүн авчирч үрждэг сантай байх

Сангийн бүтээн байгуулалтанд зарцуулдаг хувийг нэмэгдүүлэх

Иргэд, албан хаагчдаас гаргасан үр дүнтэй санал, санаачлагыг хэрэгжүүлдэг байх

Үйл ажиллагааны үр дүнг тооцож, хариуцлага, урамшуулыг хослуулдаг байх

Төрийн албан хаагчдын ёс зүйн дутагдлыг хамгийн том зөрчилд тооцдог байх

Үйлчилгээ авч буй иргэдийн сэтгэл ханамжийг байнга дээшлүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлдэг байх

Сумын Засаг дарга, түүний ажлын алба нь 2012-2016 оны үйл ажиллагааны энэхүү хөтөлбөрт дурдсан зарчмуудыг мөрдлөг болгон үр дүн авчрахуйц  шинэ бүхнийг дэмжих замаар үйл ажиллагаагаа зохион байгуулж, хөтөлбөрт дэвшүүлсэн  зорилтуудыг  хэрэгжүүлснээр “Эрээнцав” нутгийнхаа хөгжилд хувь нэмэр оруулж буй иргэн бүрээ дэмжин ажиллана.

Төрж өссөн “Эрээнцав” нутаг минь дэвжин хөгжих болтугай!