“Малчдын хоршоог хэрхэн байгуулах вэ?”, “Төрөөс малчдад олгож буй урамшуулалд хэрхэн хамрагдах вэ?” сэдэвт сургалт малчдад зохион байгуулагдлаа.

Монгол улсын засгийн газрын 2013 оны 394 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд суманд малчдын хоршоо байгуулах, түүнийг хөгжүүлэх зорилготой сумын малчин иргэдийг хамруулав.

  • Малчдын хоршоог хэрхэн байгуулах талаар мэдлэг олгох,
  • Малчдын хоршоог хөгжүүлэх,
  • Хоршоонд нэгдэж хамтран ажиллахын ач тусыг таниулах,
  • Төрөөс олгож буй дэмжлэг урамшуулалд хэрхэн хамрагдах талаар мэдээлэл олгох
  • Хоршоо үүсгэн байгуулахад шаардлагатай бичиг баримтын жагсаалт

гэсэн зорилттойгоор 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр тус сургалтыг засаг даргын тамгын газрын хурлын зааланд зохион байгууллаа. Нийт сургалтанд 36 малчид болон мал бүхий иргэд оролцон иргэдээ 3 баг болгон хувааж хичээлийн явцад багаар ажиллуулж хүн бүрийг идэвхитэй хамрагдуулахыг хичээж ажилласан.

                  Үүнд:          1. Ангирт

                                    2. Дорны наран

                                    3. Хөсөгтөн гэсэн 3 баг болсон.

Мөн сургалтын дундуур “эвтэй байхдаа хүчтэй” гэсэн утгатай зүйр үг болон хэлц үгийг аль баг нь олныг бичих вэ. гэсэн бяцхан тэмцээн зохиож Ангирт баг түрүүлж гарын бэлгээр шагнаж урамшуулав.

SAM_1665SAM_1664 SAM_1661 SAM_1660

Өргөдөл гомдол хэрхэн гаргах вэ?

-Өргөдөл, гомдлоо яаж бичих вэ?

-Өргөдөл, гомдол гаргачийн эрх

-Өргөдөл гомдлыг шийдвэрлэх, хариу өгөх хугацаа

-Төрийн байгууллага, албан тушаалтны үүрэг

Өргөдөл гомдол

Монгол Улсын Үндсэн хууль болон 1995 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр батлагдан гарсан Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулиар иргэн бүр төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй байхаар заасан.

АНХААР: Иргэд өргөдөл, гомдлоо гаргахдаа тухайн асуудлыг хариуцсан байгууллагад хандаж бичих нь өөрийн өргөдөл, гомдолдоо шуурхай хариу авах, хүсэлт шаардлагаа зөв шийдвэрлүүлэх чухал нөхцөл болно. Өргөдөл, гомдлоо буруу газарт тавих, асуудлаа үндэслэл муутай гаргах зэрэг нь түүний шийдвэрлэлтийн явцыг уртасгах, олон шат дамжлага дамжих нөхцөлийг бүрдүүлдгийг анхаарах хэрэгтэй.

Өргөдөл, гомдлоо яаж бичих вэ?

Та өргөдөл бичихдээ дараахь дарааллын дагуу бичнэ үү.

1/ Хаана, хэнд өргөдөл гаргаж байгаа нь тодорхой байна. Хандаж байгаа байгууллагын нэрийг товчлохгүй, “Чулуунхороот сумын Засаг даргын Тамгын газарт” гэх мэт бүтнээр нь тодорхой бичнэ. Тухайлсан албан тушаалтанд хандаж байгаа бол албан тушаал болон нэрийг нь бичнэ. “Чулуунхороот сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Наранбаатар танаа” гэх мэт

2/ Юуны тухай бичиж байгаагаас хамааран товч агуулгыг бичнэ. “Зээл хүсэх тухай”, “Чөлөө авах тухай” гэх мэт

3/ Өргөдлийн дэлгэрэнгүй агуулгыг бичнэ. Үүнд өргөдөл, гомдол гаргаж байгаа гол асуудлаа тодорхой, ойлгомжтой, гаргацтай бичнэ.

4/ Өргөдлөө бичсэний дагаа овог, нэрээ гаргацтай тавьж, гарын үсгээ зурна.

5/ Он, сар, өдрөө тавьж, оршин суугаа хаяг, холбоо барих утасаа бичнэ. Тухайн хаягаар хандахад таньтай шууд холбогдох боломжийг хангах ёстойг анхаарна уу. Хэрэв та тухайлсан хаяггүй байх нөхцөлд дамжуулан холбоо барьж болох хүний хаяг, утсыг бичиж болно. Гэхдээ тухайн хаяг, утсаар дамжуулж, холбоо барих гэдгээ тодруулж бичнэ.

6/ Өргөдлийн онцлогоос хамаарч ямар нэгэн баримт, тодорхойлолт хавсарган өгсөн үед өргөдөл дээрээ хавсаргасан материалуудын нэрийг бичээд хэдэн хуудас болсныг тодорхойлон бичнэ. Жишээ нь: “Өргөдөлд өмнө ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт 1 хуудас материал хавсаргав” гэх мэт

Өргөдөл, гомдол гаргагчийн эрх

-Гаргасан өргөдөл, гомдлынхоо хариу авах

-Өргөдөл гомдолтойгоо холбогдуулан нэмэлт тайлбар, нотлох баримт өгөх.

-Өгсөн хариуг зөвшөөрөхгүй бол зохих дээд шатны албан тушаалтанд гомдол гаргах

-Өргөдөл, гомдлоосоо татгалзан буцааж авах

Өргөдөл гомдлыг шийдвэрлэх хариу өгөх хугацаа

Өргөдөл, гомдлыг хүлээн авсанаас хойш 30 хоногийн дотор багтааж шийдвэрлэнэ.

Шаардлагатай тохиолдолд энэ хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацааг сунгасан тухай өргөдөл гаргагчид мэдэгдэнэ.

Саналын шинжтэй өргөдлийн хариуг 90 хоногт багтааж өгнө.

Өргөдөлд дурдсан асуудлыг шууд шийдвэрлэх боломжтой бол хуульд заасан хугацаа болохыг хүлээлгүйгээр зохих шийдвэрийг гаргаж шуурхай хариу өгнө.

Шууд шийдвэрлэх боломжгүй бөгөөд удаан хугацаанд шийдвэрлэгдэх асуудал /орон сууц олгуулах гэх мэт/-аар гаргасан өргөдлийг тусгай бүртгэлд бүртгэж, шийдвэрлэлтэд хяналт тавина.

Төрийн байгууллага, албан тушаалтны үүрэг

1/ Харьяалалын дагуу ирсэн өргөдөл, гомдлыг заавал хүлээж авах

2/ Өргөдөл, гомдлыг шуурхай, хуулийн хугацаанд нь барагдуулах

3/ Өргөдөлд дурдсан асуудал бүрийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, шийдвэрлэх

4/ Өргөдөлд дурдсан байгууллага, хувь хүний нууцыг хадгалах

АНХААР:

Өргөдөл, гомдол гаргах хэлбэр нь зөвхөн бичгээр байдаггүй, амаар, цахим сүлжээ буюу интернетээр, утсаар хандан гаргаж болно. Иймээс иргэд эдгээр боломжуудыг сонгон ашиглах бүрэн боломжтой.

Тарвага, чоно агнахыг гурван жилээр хориглолоо

Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2014 оны 2-р сарын 25-ны өдөрт тушаал гаргаж, агнуурын зарим амьтдыг агнах, түүхий эдийг түүж бэлтгэх, экспортлохыг түр хугацаагаар хориглолоо.

Сүүлийн жилүүдэд шар үнэг, хярс үнэг, тарваганы тоо толгой багасч байна. Эдгээр амьтан нь бэлчээрийн хөнөөлт мэрэгчдийг өсөх үржихээс сэргийлдэг. Тийм учраас бэлчээрийн хөнөөлт мэрэгчдийг биологийн аргаар зохицуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор шар үнэг, хярс үнэг, тарвага агнахыг хориглосон хугацааг 3 жилээр сунгалаа.

Мөн Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт хууль бус агнуур буурахгүй байгаагийн улмаас тал хээрийн саарал чонын тоо толгой багасч байна. Тийм учраас эдгээр аймагт ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар чоно агнах хугацааг мөн 3 жилээр сунгав. Энэ хугацаанд агнуурын бүс нутгийн менежментийг сайжруулах, агнуурын бүс нутгийг эзэнтэй болгох, чонын тоо толгойг өсгөх арга хэмжээ авах үүргийг аймгийн Засаг дарга нар хүлээжээ.

Монгол орны барагшуны нөөц, тархац хомсдож байна. Монгол Алтайн барагшун нь Барагчин төрлийн оготны бүлийн ялгадасын олон жилийн хуримтлалаас биологийн болон орчны хүчин зүйлийн нөлөөгөөр бүрэлдэн тогтсон байгалийн эрдэс хуримтлал аж. Монгол Алтайн барагшуны нөөц төдийлөн их биш гэдэг нь 2009 онд судалгаагаар тогтоогдсон байна. Барагшун үүсэн бүрэлдэх үйл явц нь хэдэн зуун жилээр үргэлжлэх учраас бага нөөцийг хамгаалахын тулд үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, түүхийгээр гадаад улсад экспортлохыг 5 жилийн турш хориглов. Харин барагшун гадаадад гаргах зөвшөөрөл аваад гаргаж амжаагүй аж ахуйн нэгжийг 2014 оны 5 дугаар сарын 01-ний дотор гадаадад гаргахыг зөвшөөрлөө. Хүмүүс Барагшунг олборлохдоо хад асгыг нурааж тэр орчимд байрших амьтдын амьдрах орчинг сүйтгэн аюул занал учруулдаг аж.

2012-2013 онд байгалийн жамаар унасан халиун бугын түүж бэлтгэсэн 30 тонн ясан эврийг гадаадад экспортолжээ. Увс, Завхан, Төв аймгаас бугын ясан эврийн ихэнхийг түүж бэлтгэдэг аж. Уг нь хуулиар жил бүрийн 3 дугаар сарын 20-оос 6 дугаар сарын 10 хүртэл байгалийн жамаар унасан халиун бугын ясан эврийг түүж, худалдахыг хуулиар зөвшөөрдөг байна. Гэхдээ 2014 оны хавар, зуны улирлын эхэн сард хуурайшилт их байх магадлалтай тул ой, ойт хээрийн түймрээс урьдчлан сэргийлэх, хаврын нөхцөлд амьтны байршлийг алдагдуулан үргээхээс сэргийлэх зорилгоор дээрх хугацаанд түүж, худалдахыг түр хязгаарлалаа.

Төслийг хэрхэн бичих вэ?

-ДДС-ийн багш Т.Гантулга зөвлөж байна-

Төслийн баримт бичиг доор дурдсан бүтэцтэй байх бөгөөд хавтаснаас бусдыг нэг тусдаа бүлэг болгон дугаарлах нь зүйтэй.

1.    Төслийн баримт бичгийн хавтас
Энэ бол танай байгууллага, таны нэрийн хуудас гэсэн үг юм. Иймд анхаарал татахаар байвал зохино.

2.    Товч танилцуулга
Энэ бүлэгт төслийн мөн чанар, агуулгыг тодорхой, товч бичих бөгөөд хагас хуудас, дээд тал нь нэг хуудас байвал зохино.
Дараах асуултад хариу өгөхүйц нэгээс хоёр өгүүлбэр байхад хангалттай.

Үүнд:
•    Төслийг хэн хэрэгжүүлэх вэ?
•    Төсөл хэнд, ямар учраас хэрэгтэй вэ?
•    Төслөөс ямар үр дүн гарах вэ?
•    Төслийг хэрхэн яаж хэрэгжүүлэх вэ?
•    Төсөлд хэдий хэр хөрөнгө шаардлагатай вэ?

3.    Оршил буюу танилцуулга
Үүнд захиалагч байгууллагын тухай мэдээллийг агуулдаг. Үүнд төслийг хэн өгсөн, хэн хэрэгжүүлэх, төсөлд оролцогчид чухам яагаад мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, итгэл үнэмшил, алдар хүндийн хувьд энэ ажлыг бусдаас илүү гүйцэтгэх чадвартай гэж үзэж байгаа тухай өгүүлнэ.

4.    Хэрэгцээ, шаардлага
Энэ бүлэгт тухайн төслийг ямар шаардлага, хэрэгцээг үндэслэн ямар бэрхшээл, асуудлыг шийдвэрлэхийг зорьсон, энэ нь захиалагч байгууллагын зорилго, зорилттой хэрхэн уялдаж буй тухай өгүүлнэ.

5.    Зорилго зорилт: Хандивлагч энэ бүлгээс төслийн үр дүнгийн тухай тодорхой төсөөлөлтэй болдог. Зорилго нь чухам юуны төлөө энэ төслийг бичив гэдэгт хариу өгөх ёстой. Зорилт бол төслийг хэрэгжүүлэхийн тулд хүрэх тодорхой үр дүн юм. Зорилт, үр дүнг тоон чанараар үнэлдэг.

6.    Арга зүй.

Энэ бүлэгт төлөвлөсөн үр дүнд хүрэх, бэрхшээл асуудлыг шийдвэрлэхийн тулд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, явуулах үйл ажиллагааг заадаг. Тухайн төслийн зохион байгуулалт, ажлын төлөвлөгөөг энд оруулах ёстой. Мөн энэ хэсэгт чухам юу хийх вэ? Хэн хэзээ, хэр хугацаанд энэ ажлыг хэрхэн ямар дарааллаар гүйцэтгэх вэ, ямар нөөц бололцоог ашиглах вэ гэдгийг ойлгомжтой, тодорхой бичнэ.

7.    Үнэлгээ, дүгнэлт, тайлан
Энэ бүлэгт төслийг төгсгөлд нь яаж үнэлж, дүгнэх тухай саналаа бичнэ. Үүнд тухайн төсөл зорилгодоо хүрсэн эсэх, төслийн явцад тавих хяналтын аргын тухай өгүүлнэ. Мөн хийсэн ажил, зарцуулсан хөрөнгийн талаарх тайлангаа гаргах тухай дурдах ёстой.

8.    Төслийн баталгаат байдал, дараагийн санхүүжилт
Энэ хэсэгт тухайн төслөөр олсон амжилтаа бататгах, үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд санхүүгийн ямар арга, эх үүсвэр ашиглах тухайгаа тайлбарлана. Үүндээ тухайн төсөл дууссаны дараа энэхүү ажил, санаачлагыг дэмжих нөөц, бололцоо бий гэдгийг хандивлагч нотлох ёстой.

9.    Төсөв.

Тухайн төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн тухай бүх мэдээллийг энэ бүлэгт тусгана. Энд төслийн хүрээнд хийх ажил, үйл ажиллагааны бүх зардлыг жагсааж, дараах асуултын хариултыг бэлгэсэн байвал зохино.

Үүнд:
•    Хандивлагчаас хичнээн хэмжээний санхүүжилт хүсэж байгаа
•    Санхүүжилтын үйлдэж буй хэсгийг ямар эх үүсвэрээс олох
•    Хөрөнгө чухам юунд зарцуулагдах

10.    Хавсралт
Төслийн баримт бичигт захиалгын агуулгыг тодотгож, тайлбарласан нэмэлт мэдээлэл, материалыг хавсаргасан байна.

Сумын багийн ИНХ-ууд товолсон цаг хугацаандаа болж ОНХС-аас 2015 онд хийгдэх ажлын саналыг авлаа.

Сумын багийн ИНХ-ууд товолсон цаг хугацаандаа болж ОНХС-аас  2015 онд хийгдэх ажлын саналыг авлаа.

Хавирга-Архашаатын боомт байнгын үйл ажиллагаатай болох шийдвэр гарлаа.

Монгол, Хятадын хилийн дагуу Монгол Улсын талаас Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутаг Цагаан дэл уулын чиглэлд, Хятадын талаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Альшаа аймгийн Альшаа зүүн хошууны нутаг Өлзий уулын чиглэлээр хоёр талын зорчигч, ачаа тээврийн “Цагаан дэл уул-Өлзий” байнгын ажиллагаатай автозамын боомт шинээр байгуулахаар Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас тогтлоо. Монгол, Хятадын хилийн хоёр талын зорчигч, ачаа тээврийн, түр ажиллагаатай Хавирга, Баянхошуу, Ханги, Бургастай автозамын боомтуудыг байнгын ажиллагаанд шилжүүлэх, Монгол-Оросын хилийн Алтанбулаг-Хиагт боомтоор зорчигч тээвэрлүүлэх ажиллагааг 24 цагийн горимд шилжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгт даалгалаа. Шинээр байгуулах, байнгын ажиллагаанд болон 24 цагийн горимд шилжүүлэх боомтуудад шаардагдах хөрөнгө оруулалтын болон хилийн хяналтын байгууллагуудад нэмэгдэх орон тоо, төсвийн зардлын асуудлыг шийдвэрлэхийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгажээ